ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Энэ журмаар үндэсний биеийн тамирын дээд сургуулийн бакалаврын шатны сургалтын төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж явуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

  •  Төгсөлтийн шалгалтыг “Төгсөлтийн шалгалтын улсын комисс” зохион байгуулж явуулна. Уг комиссыг захирлын тушаалаар батална.
  • Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн даргыг захиргаанаас томилно.
  •  Комисс нь нарийн бичгийн даргаас гадна 5-10 хүнтэй байх ба төгсөгчдийн тоо онцлог зэргийг харгалзан бүрэлдэхүүний тоо, орлогч даргатай байх эсэхийг захиргаа тогтоож болно.
  •  Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн кредитийг судалсан оюутан төгсөлтийн шалгалтанд орох эрхтэй. Шалгалтанд орох оюутны нэрс захирлын тушаалаар батлагдана.
  • Төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан чиглэл, асуултыг мэргэжлийн багш нар боловсруулж шалгалт авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө оюутнуудад танилцуулна.

Шалгалтанд зориулсан тойм лекцийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цагийн хэмжээнд багтаан харъяалах тэнхмээс зохион байгуулна.

  • Төгсөлтийн шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө сургуулийн захирлын тушаалаар батална.
  • Төгсөлтийн шалгалтыг комиссын нийт гишүүдийн 2/3-с доошгүй ирцтэйгээр авна. Комиссын гишүүдийн ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.
  • Төгсөлтийн шалгалтыг комиссын нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, үнэлгээ явуулах үед хаалттай явуулна. Үнэлгээг комиссын хурлын протокол гарсан дариуд албан ёсоор мэдэгдэнэ.
  • Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүд шалгалт өгч буй оюутан бүрийн үнэлгээг тус тусдаа тавьж, хамтран хэлэлцээд ерөнхий, дундаж үнэлгээг гаргана.
  • Төгсөлтийн шалгалтанд оюутны мэдлэгийг Онц, Сайн, Дунд, Муу гэсэн үнэлгээгээр үнэлнэ.
  • Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд захирлын тушаал гарган түүнийг үндэслэн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.
  • Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга шалгалт дууссаны дараа тайлан бичиж сургуулийн архивд хүлээлгэн өгнө.