Эрдэм шинжилгээний илтгэл гэж юу вэ?

Эх орон хаанаас эхэлдэг вэ? гэвэл ширхэг чулуунаас гэдэг. Тэгвэл Эрдэм шинжилгээний ажлын эхлэл нь эрдэм шинжилгээний илтгэл юм. Энэ нь их дээд сургуулийн босгыг алхан орсон оюутан таны судалгааны ажлын гараагаа эхлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх нэг боломж мөн.

Тэгвэл оюутны эрдэм шинжилгээний илтгэл нь:

  • СЭДВЭЭ ЗӨВ ОНОВЧТОЙ СОНГОХ;

Оюутны эрдэм шинжилгээний илтгэл  нь оюутны чадавхи, нөөц  боломжоос шууд хамааралтай юм. Хэрвээ оюутан өөрт нь хүнд хэцүү, өргөн далайцтай сэдэв сонгон авах юм бол тухайн ажил нь амжилтгүй болдог. Тиймээс өөртөө аль болох судлах боломжтой, оновчтой сэдэв сонгох хэрэгтэй.

  • БАГШИЙН ЗӨВЛӨМЖ ХЭРЭГТЭЙ;

Оюутнууд эрдэм шинжилгээний ажилд эхлэн суралцаж байгаа учраас мэдэхгүй, чадахгүй, буруу зөв зүйлүүд их гардаг. Тийм учраас багшийн зөвөлгөө ихээхэн чухал байдаг.

  • АМЬДРАЛД АШИГЛАГДАХ БОЛОМЖ ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДАГ;

Оюутны эрдэм шинжилгээний ажлын үр дүн төдийлөн практикт тэр бүр хэрэглэж, ашиглагдаад байдаггүй, тийм боломж  ч хязгаарлагдмал байдагт оршино.                                                                                                                

  • СУДЛААЧ ОЮУТАН ЦӨӨН БАЙДАГ;

Эрдэм шинжилгээний ажлыг сонирхон судалдаг оюутнуудын тоо нийт их дээд сургуулийн хувьд цөөн тоотой байдаг.  Энэ нь тухайн мэргэжлийн онцлог хийгээд оюутны өөрийн мэдлэг туршлага, идэвхи чармайлт, судалгааны арга барил эзэмшсэн байдалтай зэрэг шууд хамааралтай юм. Бүгд судлаач байх албагүй ч өөрийгөө сорьж дайчилж байх хэрэгтэй.

  • ЭХ СУРВАЛЖ, БАРИМТ МАТЕРИАЛЛТАЙ АЖИЛЛАХ;

Оюутнууд эрдэм шинжилгээний ажлыг хийхдээ голлох эх сурвалжаа өөрсдийн биеэр олж үзэх бус бусдын бүтээлээс дам байдлаар ашигладаг тохиолдол их байдаг.

  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛУУДАД ОРОЛЦОХ;

Их дээд Сургуулиудын багш, удирдлагууд оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг хянаж, хэлэлцэх, хооронд нь өрсөлдүүлж, урамшуулах зорилготой ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ бага хурлуудыг жил бүр олон тоогоор зохион байгуулдаг. Энэ нь оюутнуудыг эрдэм шинжилгээний ажил хийх дур сонирхлыг нь хөдөлгөдөг ч цөөн тооны чадварлаг оюутны талбар болоод л өнгөрдөг тал бий. Шантрахгүйгээр улам өөрийгөө дайчлах хэрэгтэй.

Эрдэм шинжилгээний илтгэлд оролцсоны ач холбогдол

Эрдэм шинжилгээний ажлыг оюутнууд өөрсдөө сонирхон, бие даан судалгааны арга барилд суралцаж илтгэл бичиж, их дээд сургуулиудын хооронд, олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд тогтмол оролцсоноор олон давуу талыг  өөртөө тусгах боломжтой билээ. Учир нь эрдэм шинжилгээний илтгэл зөвхөн шинжлэх ухааныг төдийгүй судлаач оюутныг давхар хөгжүүлж байдаг онцлогтой юм.

  • Судалгааны арга зүйг эзэмшинэ;

Байгаль, нийгмийн олон асуудлыг нээн илрүүлж, учир холбогдлыг нь таньж мэдэх чадвартай болно.

  • Найруулан бичих чадвар сайжирна;

Эрдэм шинжилгээний илтгэл бичсэнээр найруулан бичих чадвар дээшилдэг, учир нь найруулан бичих чадвар онолын мэдлэгээс илүү практикаас урган гарч сайжирдаг онцлогтой юм.

  • Илтгэх ур чадвар дээшлэнэ;

Оюутны эрдэм шинжилгээний хуралд оюутан судлаач тогтмол илтгэл тавьж хэлэлцүүлснээр өөрийн илтгэх ур чадвар нь дээшилнэ. Илтгэх ур чадвараа дээшлүүлэх олон арга зам байдаг ч хамгийн шилдэг арга бол тайзан дээр өөрийнхөө эрдэм шинжилгээний ажлыг илэрхийлэх боломж юм.

  • Өөрийн гэсэн зорилготой болно;

Оюутан судлаачид илэрдэг хамгийн чухал шинж бөгөөд тухайн оюутан өөрөө судалгааны ажилд дур сонирхолтой болохоос гадна өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтөй болно.

  • Хөдөлмөрч идэвх зүтгэлтэй болно;

Судлаач оюутан эрдэм шинжилгээний илтгэл тогтмол бичиж хурал тэмцээнд оролцсоноор  хийж буй ажилдаа шургуу, хөдөлмөрч,  идэвх зүтгэлтэй дайчин хандахаас гадна аливаа зүйлд өөрийгөө дайчилдаг болно.

  • Багаар ажиллаж сурна;

Эрдэм шинжилгээний ажлыг оюутан судлаач ганцаараа болон баг хамт олноороо хамтран хийдэг учраас судлаачид давхар бие биетэйгээ ойлголцож нөхөрлөж, багаар ажиллаж сурах давуу талтай юм.

  • Олны дунд нэр хүндтэй болно;

Судлаач оюутан илтгэл бичиж хурал, тэмцээнүүдэд оролцсоноор суралцаж буй сургуулийнхаа оюутнууд, багш нар, үе тэнгийхэндээ танил болж нэр хүндтэй, мэдлэг ур чадвартай нэгэн хэмээн бусдад хүндлэгдэх болно.

  • Ангийн болон Дипломын ажлын бэлтгэл болно;

Оюутан сонгон суралцаж буй мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээний ажил хийснээр дипломын сэдвээ эртхэн олж төгсөхөөс өмнө бэлэн болгож гүйцэтгэх боломжтой.

Эрдэм шинжилгээний илтгэл гэдэг бол оюутнууд тодорхой сэдвийн хүрээнд зорилго тавьж, цаг хугацаа зарцуулан, баримт нотолгоо үр дүнг агуулсан эрдэм шинжилгээний ажлын нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл судлаач оюутан өөрийн санаа бодол, дэвшүүлэн тавьсан асуудлаа товч тодорхой, баримт хэрэглэгдэхүүнтэй бичин, түүнийгээ хурал тэмцээнүүдэд бусдад ойлгомжтой уран яруу илтгэж ярих үйл ажиллагааг нэгтгэн ойлгож болно.

Эрдэм шинжилгээний  илтгэлд тавигдах нийтлэг шаардлага:

  • Тодорхой нэг сэдэв сонгосон байна;
  • Албан ёсны удирдагч багштай байна;
  • Үнэн зөв аргачлалтай, судалгаатай байна;
  • Тулгуур ухагдахууныг оновчтой тодорхойлсон;
  • Мэдлэгийн ямар нэг хүрээнд хамааралтай;
  • Утга гүн, сэтгэлд зохистой;
  • Учир шалтгааны дараалал сайтай;
  • Шинжлэх ухааны тогтсон нэр томъёог зөв хэрэглэсэн;
  • Найруулгын тэгш хэмтэй;
  • Өмнөх шинжилгээний баримтыг түүхчлэн авч үзсэн;
  • Хоёрдмол салаа утгагүй;
  • Ишлэл зүүлтийг хийсэн байх;
  • Үг илүүц давтаагүй, дагавар нөхцлийг зөв хэрэглэсэн;
  • Зөв бичгийн дүрмийн алдаагүй;
  • Үгээ зөв оновчтой сонгосон;
  • Эмх цэгцтэй товч байх;
  • Энгийн ойлгомжтой
  • Тодорхой дүгнэлттэй байна гэх мэт байж болно.

Оюутны эрдэм шинжилгээний  илтгэлд тавигдах техник шаардлага:

  • Илтгэлийг зөвхөн Microsoft Office Word программ дээр бичнэ;
  • Үсгийн өндөр-12;
  • Үсгийн фонт: Times New Roman эсвэл Arial Mon;
  • Мөр хоорондын зай: 1.5-аар бичсэн байна;
  • Бичихдээ bold (тод хэлбэр), italic (бичмэл хэлбэр) хоёрыг их ашиглахгүй байх;
  • Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээр доороос 2см, зүүн талаас 3см, баруун талаас 1,5см зайг үлдээж бичнэ;
  • Илтгэлээ бичихдээ header, fooder, footnote командыг ашигладаг байх;
  • Илтгэлээ бичихдээ 6 – 10 хуудсанд багтаасан байх;

Дээрхи шаардлагуудыг их дээд сургуулийн багш, удирдлагууд өөр өөрсдийн сургуулийн онцлог, шинж чанарт нийцүүлэн тавьдаг.

ҮБТДС-ийн Багш, Ү.Мөнхдагва, Г.Хулан