Мэдээлэл

Токиогоос олон алтан медаль авахын тулд илүү төсөв хүсжээ

Филиппин улсын тамирчид олимпын наадмаас хараахан алтан медаль хүртэж амжаагүй байгаа бөгөөд “Токио-2020” наадмаас өндөр магадлалтай хэмээн үзэж байна. Иймд Филиппиний олимпын хорооны тэргүүн Абрахам Толентино, Филиппиний спортын комиссын дарга Уильям Рамирес нар төр засгаасаа нэмэлт 510 сая песогийн (ойролцоогоор 10,4 сая ам.доллар) төсөв хүслээ хэмээн Philstar сонинд бичжээ.

Харин Филиппиний спортын комиссын 2021 оны төсөв нь 207 сая песо (буюу 4,3 сая ам.доллар) байгаа юм. Нэмэлт санхүүжилтээс 150 сая песог “Токио-2020”-ын бэлтгэл сургуулилтад, 100 сая песог Зүүн өмнөд Азийн наадмын бэлтгэлжилтэнд зориулах ажээ. Үлдсэн хэсгийг “Токио-2020” паралимп, Азийн элсний спортын наадам, Азийн танхимын болон тулааны наадам, Азийн хүүхэд залуучуудын наадам, бүс нутгийн пара наадмуудад зарцуулахаар төлөвлөсөн байна.

Толентино ийм хэмжээний санхүүжилт авч чадвал Филиппин улс түүхэндээ анх удаа олимпын алтан медальтай болно хэмээн итгэлтэй байгаа юм. “Бид 2021 онд Токиод нэг биш, хоёр биш, түүнээс ч олон алтан медаль авах боломжтой. Үүний тулд тамирчдаа эртнээс бүх талаар дэмжиж ажиллах шаардлагатай” хэмээн ярив.

Филиппиний тамирчдаас хамгийн өндөр найдвар хүлээлгэж байгаа тамирчнаар дэлхийн аварга гимнастикч Карлос Юло, дэлхийн мөнгөн медальтай боксчин Юмир Марсиал, тулгууртай харайгч И-Жи Обейна нарыг нэрлэж байгаа. Түүнчлэн ДАШТ-ий мөнгөн медальт хүндийг өргөгч Хидилин Диас, дэлхийн аварга боксчин Нести Петесио нар Токиог зорих эрхээ авчихвал тэдний эгнээнд бас яригдах биз ээ.

Филиппин улс түүхэндээ олимпоос гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байгаа юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close