Мэдээлэл

Монголын баг Азийн цомд гуравдугаар байрт шалгарлаа

Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбооноос аравдугаар сарын 10-25-нд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж буй Ази тивийн цомын аварга шалгаруулах багийн онлайн тэмцээний эрэгтэй ангилалд гуравдугаар байрт орж, шөвгийн наймд шалгарлаа.

Монгол Улсын эрэгтэй баг дараах бүрэлдэхүүнтэйгээр тоглож байна:

Багийн ахлагч Ч.Баттүвшин

  • 1-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин
  • 2-р ширээ Их мастер С.Билгүүн
  • 3-р ширээ Их мастер Ц.Батчулуун
  • 4-р ширээ Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ
  • Нөөц тоглогч: Олон улсын мастер Д.Батсүрэн

Монголын эрэгтэй багаас хувийн дүнгээр буюу онооны үзүүлэлтээр 1-р ширээнд ДШХМ Г.Амартүвшин 3-р байрт, 2-р ширээнд ИМ С.Билгүүн 2-р байрт тус тус шалгарлаа. Залуу шатарчин ДШХМ Г.Амартүвшиний хувьд 1-р ширээнд багаа төлөөлөн тоглох хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлж ИМ Жумабаев Ринат, ИМ Кевин Го Вей Мин, ИМ Махсудлу Пархам нарын дэлхийн шилдэг шатарчдыг хожиж багтаа шийдвэрлэх ялалтыг авчирлаа.

Уг тэмцээний эрэгтэй ангилалд Ази тивийн 38 орны багийн нийт 190 шилдэг шатарчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундийн нэмэгдэлтэй түргэвчилсэн буюу рапид төрлөөр өрсөлдлөө. Швейцар системээр 9 өрөг тоглож эхний 8-н байрт шалгарсан багууд дараах хуваарийн дагуу хасагдах шатны тоглолтууд хийж аваргуудаа тодруулах юм.

  • Хэсгийн тоглолт (шөвгийн 8) аравдугаар сарын 23-ны 14:00-17:00 цагт
  • Хагас шигшээ (шөвгийн 4) аравдугаар сарын 24-ний14:00-17:00 цагт
  • Шигшээ (үзүүр түрүү) аравдугаар сарын 25-ны 14:00-17:00 цагт тус тус www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдана.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 19-нд Монголын эмэгтэй баг эхний шат болох швейцар системийн шийдвэрлэх сүүлийн 7-9-р өргүүдээ тоглоно. Монголын баг тамирчид Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд өндөр хурдны интернэт, сүүлийн үеийн компьютерт суурилан тоглож байгаа юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close