Мэдээлэл

С.БУЛГАНТАМИР: Волейболын спортод үлдэх түүхээ амжилтаар бүтээхийг хүсдэг

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”- ийн аварга шалгаруулах тэмцээнд “Энагурэ” багийнхан гурван удаа түрүүлсэн. Спорт сонирхогчдын танил болсон энэ багт цахиур хагалж, шилдэг тамирчин, довтлогч, үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан нэг тамирчин бий. Түүнийг С.Булгантамир гэдэг, багийнхаа ахлагч нь. Дайчин, шийдэмгий, зоримог, ухаалаг нь түүний тоглолтуудаас харагддаг.Тоглолтын тэсрэлт, сэтгэл хөдлөлөөс нь үзэгчид хамгийн сонирхолтой, гоё агшныг ч бас олж хардаг гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд багийнхаа тамирчдыг амжилтад хөтөлж, найман жилийн өмнө хүртсэн аварга цолоо дахин авсан түүнийг “Залуус” буландаа урилаа.

-“Энагурэ”-гийн тамирчид дайчин, шийдэмгий тоглодог. Энэ багаас цахиур хагалсан тамирчдын нэг нь та. Спорт сонирхогчид өөрийг тань одоо мэддэг болжээ.

-Волейболын спортоор хичээллээд найман жил болж байна. Өнгөрсөн хугацаанд ур чадвараа ахиулж, туршлага багагүй хуримтлууллаа. Өрсөлдөгчөөсөө илүү байхын тулд маш их хичээсэн. Хөдөлмөрлөснийхөө үр дүнд шилдэг тамирчин, довтлогч, үнэ цэнтэй тоглогчийн шагналыг нэг бус удаа хүртлээ.

-Нэг хэсэг завсарласан “Үндэсний дээд лиг” өнгөрсөн жил сэргэж, шилдэг багуудын тоглолт үзэгчдийн цангааг тайлах шиг санагдсан. Тэмцээнийг танайхан улам сонирхолтой болголоо.

-Миний хувьд “Үндэсний дээд лиг”-т анх удааоролцлоо. Өмнө нь өрсөлдөж байгаагүй тул багаа ахалж тоглох хэцүү байв. Удаан үргэлжилдэг тэмцээнд баг тамирчдын тэсвэр тэвчээрт хэр суралцсан нь харагддаг. Тоглолтын явцад ядарч, сульдах зүйл бишгүй л гарсан. Хэцүү санагдсан бүхнийг шантралгүй давж, багаараа аварга болсондоо бахархдаг. Лигт шилдэг багууд өрсөлддөг. Тэмцээний хамгийн сэтгэл догдлуулсан агшин аваргын төлөөх цуврал тоглолт байдаг юм. Залуу тамирчдаар хүч сэлбэсэн, туршлагатай “Хобби эйс” багийнхантай ана мана үзэлцэхдээ бүх зүйлээ шавхсан. Тэр хэрээрээ өрсөлдөөнтэй, олон зүйл бодогдуулсан “тулаан” болсон. Аваргын цом гардахад багийнхны маань эерэг уур амьсгал, зөв хандлага, нэг зорилго их нөлөөлсөн. Бид аварга болохын төлөө хүсэл, тэмүүллээ нэгтгэж чаддаг.

-Тэр үед гадаад руу сургалтад явсан дасгалжуулагч Г.Отгонцэцэг багшийгаа орлож, багаа хожилд хөтлөх амаргүй байсан уу?

-Сүүлд нэг тэмцээнд оролцоход багш “Лидер тамирчин алдаа гаргадаггүй байх ёстой” гэж хэлсэн. Тэр үгийг нь байнга санаж, заримдаа хөл дээрээ зогсож чадахгүй шахам болтлоо бэлтгэл хийдэг. Надад өөрийгөө дайчилж, урагшлуулдаг нэг зүйл бий. Тэр бол “Миний өрсөлдөгч нэг дасгалыг 10 удаа хийхэд би 15-аар илүү гүйцэтгэнэ” гэсэн зорилго тавьдаг.

-Волейбол өөрийг тань хэрхэн татаж, өрсөлдөөнд хөл тавиулав?

-Би багын сэргэлэн, цовоо байсан. Эхлээд хөнгөн атлетик, дараа нь чөлөөт бөх, сагсан бөмбөг, гандболоор сонирхож хичээллэсэн. Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа сагсан бөмбөг тоглодог. Волейбол миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Э.Эрхэмбаяр, волейболын багш М.Мөнхтулга нар энэ спортод татан оруулж, бөмбөгтэй нөхөрлүүлснээр хамгийн дуртай спорт маань болсон.

-Баянхонгор аймагт багийн спорт хэр хөгжсөн бэ?

-Би энэ нутгийн уугуул. Манай аймагт волейбол сүүлийн үед хөгжиж байгаа. Сонирхож хичээллэх хүүхдүүд ч олон болсон. Улсын чанартай томоохон тэмцээнд нутгийн тамирчид өөр аймгийн багийнхантай эн тэнцүү өрсөлддөг. Тэд “Танай аймагт тэмцээн өрсөлдөөнтэй, үзэгч олонтой болдог. Хөгжөөн дэмжигчдийнх нь волейболд дуртай нь их таалагддаг” гэж ярьдаг. Миний сэтгэлд 2017 онд болсон идэрчүүдийн УАШТ хоногшиж үлджээ. Аваргын төлөө манайхан Сэлэнгэ аймгийн багтай тоглоход танхим үзэгчдээр дүүрч, хөл тавих зайгүй байж билээ. Үзэгчдийн тоо хэтэрч, тоглолтын талбай руу орох гээд байсан тул заримыг нь гаргасан тохиолдол бий. Баянхонгорчууд энэ спортод ийм л дуртай.

-Гэрийнхэн тань үнэнч фэн болж чадсан уу?

-Энэ спортоор хичээллэдэг хүмүүс намайг хүрээлдэг. Хэд хоног амрахад манай гэрийнхэн, “Чи бэлтгэлээ яагаад хийхгүй байна. Заал руугаа хурдан яв, формоо алдана” гэж санаа тавина. Тэмцээнтэй өглөө аав миний тоглохыг үзэх гээд түрүүлж ирдэг. Манайхан одоо миний фэн болсон. Волейболын тухай яриа өрнүүлэхээр тэдний нүд нь сэргэчихдэг юм. Ах, дүүс, найз нөхөд минь тал бүрээс дэмжиж тусалдаг. Аймагт болсон УАШТ-д намайг оролцоход хамаатан садангийн хүмүүс заалны нэг талыг эзлээд суучихсан байв. Тэднийг сэтгэлээсээ дэмжиж, үзэхээр ирснийг хараад баярласандаа уйлж билээ. Би ах, дүүсээ волейболд дурлуулсан.

ЭЭЖИЙН ҮГ НАДАД БОСОХ ТЭНХЭЛ ХАЙРЛАСАН

-Өөрт тань үлгэр дуурайл болдог тамирчин байдаг уу?

-Нутгийнхаа тамирчдаас, дараа нь клубийнхээ эгч нараас үлгэр дуурайл авдаг болсон. Тоглогч болгон өөрийн давуу талтай. БНСУ-ын “Pink spiders” багийн өндрийн довтлогч Ли Жэ Ёны тоглолтыг байнга үзэж, харьцуулалт хийдэг. Бидний биеийн өндөр ойролцоо. Намхан биеэ тэмцээнд давуу тал болгон тоглож байгааг нь судалдаг.

-Сонирхогчоос мэргэжлийн тамирчин болтлоо дэвшлээ. Шантарч буцах үед тань хэн хурцалж, үлдээсэн бэ?

-Спортын талбарт саад бэрхшээлтэй тулгараагүй тамирчин ховор. “Өөрийгөө яах гэж ингэж зовоодог юм бэ, бусадтай адил дуртай зүйлээ хийгээд чөлөөтэй явж болно шүү дээ. Хэцүү санагдаад байвал больё” гэх бодол надад төрсөн удаа цөөнгүй. Волейболын спортод үлдэх, эсэхээ шийдэж чадахгүй байх үед ээж минь хурцалж урагшлуулсан. Нэг өдөр “Ээж ээ, би тоглохоо больё, чадахгүй нь. Надад энэ бүхэн хэцүү санагдах боллоо” гэхэд “Чиний олон жилийн хөдөлмөр ингээд юу ч биш болох гэж үү. Хийсэн зүйлийнхээ эцсийн үр дүнг хар” гэж зөвлөсөн. Ээжийн хэлсэн үг намайг зоригжуулж, босох тэнхэл, хатууг даван туулах тэвчээр хайрласан.

-Өөрийн тань хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бол?

-Спортын ертөнц дэх сайн муу, баяр, гунигтай таараагүй тамирчин бараг байхгүй. Би 100 өдрийн 90-д нь ур чадвараа харуулж, сонирхолтой тоглолтоор үзэгчдийг гайхшируулаад нэг л өдөр тааруухан тогловол “Өө, энэ нөхөр ийм муу байсан юм уу” гэж дүгнэнэ. Тэгэхээр хэдэн жил хичээсэн хөдөлмөр тэр даруй нурах магадлалтай. Хүмүүс сайн тамирчинд өндөр итгэл хүлээлгэдэг. Тэр хэрээр “гал гарсан” тоглолт харахыг хүсдэг. Атаархал, өрсөлдөөн, тэмцэл бүхнийг даван туулж, шилдэг нь болох ёстой. Тэгэхээр би өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгч. Өөрийгөө ялж чадахгүй хүн амжилт гаргахгүй. Тамирчин хүн өөрийгөө сайн мэддэг, мэдэрдэг болсон цагтаа л өрсөлдөгчөө таних чадвартай болдог.

-Өөр зан чанар, үзэл бодолтой охид нэг баг болоход цаг хугацаа шаардана. Тэдэнтэй нэгдэхийн тулд хэв маяг, амьдралын хэмнэл, дуртай зүйлээсээ татгалзсан тохиолдол байдаг уу?

-Хүн болгон өөр үзэл бодол, амьдралын хэв маягтай. Эмэгтэй тамирчид нэг баг болох маш хэцүү. Гэхдээ манай багийнхан нэг зорилготой. Бид юуны төлөө хөдөлмөрлөж байгаагаа өдөр бүр ярилцдаг. Багаараа зорилгоо нэгтгэх л хамгийн чухал. Манайхан богино хугацаанд нэгдэж, нэгнийхээ зан чанар, тоглолтыг мэдэрч чаддаг болсон.

-Хэнийг нь ч танихгүй багт хөл тавих нь шинэ тамирчинд хэцүү байдаг байх аа. Тэдний уур амьсгал, тоглолтын арга барил, орчин нөхцөлд нь дасан зохицох амаргүй.

-Би 2015 онд энэ багт нэгдсэн. Намайг анх ирэхэд багийн маань хоёрдугаар үеийн эгч нар угтаж авлаа. Зурагтаар хардаг байсан шилдгүүдтэй нэг баг болоод тоглох эхэндээ зүүд шиг санагдаж билээ. Эхэндээ итгэхгүй “Энэ үнэн гэж үү” гэж өөрөөсөө хүртэл асуудаг байв. Амжилт гаргатлаа волейболын бөмбөг зөөсөн. Дараа нь бэлтгэл хийхийн хэцүүг биеэрээ мэдэрч, тэднийгээ илүү ойлгож, хүндэлдэг болсон. Багийнхаа хамгийн залуу тамирчин болохоор би эгч нартаа эрхэлдэг байлаа. Одоо гуравдугаар үеийнхнээр хүчээ сэлбэж, багаа ахалж, тоглолтод оролцдог. Бид эвсэг хамт олон болж, амжилтын төлөө тэмүүлж байна. Монголын волейболын лигт аваргаар нэг бус удаа шалгарсан багийнхаа нэр хүндийг унагахгүйг үргэлж хичээдэг.

ХӨДӨЛМӨРЧ ЗАН МИНЬ АМЖИЛТ РУУ ХӨТӨЛДӨГ

-Тамирчны карьераа өндөрлүүлээд дасгалжуулагчаар ажиллана гэж боддог уу?

-Энэ талаар бодож байсангүй. Би зодог тайлсан ч дуртай спортоо орхиж чадахгүй. Хэрвээ тамирчны карьераа өндөрлүүлбэл энэ спортоос сурсан бүхнээ дүү тамирчдадаа заах болов уу.

-Тамирчид оюутан байхад олон ажил амжуулж сурсан гэж ярьдаг. Хийх ажлаа одоо төлөвлөөд сурчихсан биз дээ.

-Би IV курсийн оюутан. “Их засаг” их сургуульд эрхзүйч мэргэжлээр суралцдаг. Надад өдөр маш хурдан өнгөрдөг. Маргааш хийхээр зорьсон ажлаа өмнөх өдөр нь заавал төлөвлөж байж санаа амарна. Манай баг долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэл хийдэг. Сургуулийн маань удирдлага дэмжиж, тэмцээнтэй үед хичээлээс чөлөөлдөг юм. Ойлгодгийн хүчинд хичээлдээ санаа зовохгүй, тэмцээндээ л анхаарал хандуулдаг. Энэ ташрамд, сургуулийнхаа хамт олон, ангийнхаа нөхдөд баярлаж явдгаа уламжилъя.

-Ирээдүйгээ ямраар төсөөлдөг вэ. Тамирчин болоогүй байсан бол гэж боддог уу?

– Би хойшид залуу байх үеийнх шигээ үргэлж амжилттай тоглохгүй шүү дээ. Ирээдүйд эзэгтэй, ээж болно. Хүсэл мөрөөдөлдөө хүрч, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана. Салбартаа манлайлагч нь болохын тулд одооноос шаргуу хөдөлмөрлөнө.

-Хамгийн сүүлд хэнтэй ямар сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн бэ?

-Сагсан бөмбөгийн спортын мастер Б.Цацрал найзтайгаа их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн лигийн тэмцээн сонирхож үзсэн. Саяхан бид энэ спортын тамирчдад тохиолддог хөгжилтэй явдлуудын тухай яриа өрнүүллээ. Бид хичээллэдэг спортынхоо давуу тал, онцлогийн талаар нэгэндээ ярьдаг юм.

-Та хувийн зохион байгуулалтдаа анхаарал хандуулдаг уу?

-Миний анхаардаг гол зүйл болохоор энэ тал дээр гологдохгүй байх. Үүнийхээ ачаар шилдэг тамирчин, довтлогч, үнэ цэнтэй тоглогч болсон. Надад давуу, сул тал ч бий. Хөдөлмөрч зан минь намайг амжилт руу хөтөлдөг. Харин хүнд итгэмтгий зангаасаа болж алдсан тал байдаг.

-Тамирчин болсны хамгийн сайхан зүйл юу байв?

-Тамирчин байхын давуу талыг өдөр бүр мэдэрдэг. Би волейболоор хичээллээд сайхан хамт олонтой болсон. Тэсвэр хатуужилд суралцаж, багаар ажиллах чадвар эзэмшлээ. Тамирчин байх үеийн сайхан дурсамжууд хожим түүх болж үлдэнэ шүү дээ. Спортод үлдэх түүхээ амжилтаар бүтээхийг хүсдэг. Хувь тавилан минь спорттой учруулж, тамирчны замналаар алхуулсан болохоор волейболгүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close