МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, сурагчид та бүхэн ҮБТДС-ийн харьяа Биеийн тамир спортын “Ахлах” сургуульд тавтай морилно уу. 

Та бүхэнтэйгээ энэхүү вэб хуудсаараа дамжуулан мэндчилж байна. 

Тус сургууль нь 2017 оны үүсгэн байгуулагдаж 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд нийт 38 сурагч бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж 100% гадаад дотоодын их дээд сургууль, коллежид амжилттай суралцаж байна.

Өнөөгийн байдлаар Монгол улсад 10 биеийн тамир, спортын дунд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын биеийн тамир, спортын эрчимтэй хөгжлийг хангах хүчин зүйлийн нэгэнд өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халаа болсон өсвөрийн тамирчдыг бэлтгэх асуудал зүй ёсоор ордог билээ. Авьяаслаг, шилдэг өсвөрийн тамирчдыг бэлтгэх үйл ажиллагаанд төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын сургуулиудын үүрэг, оролцоо, ач холбогдол өндөр юм. Манай сургууль нь спортын 12 төрлөөр төрөлжсөн сургалт явуулж байна. Байгуулагдсан цагаас хойшх хугацаанд спортын дэд мастер 4, спортын 1-р зэргийн тамирчин 15, 2-р зэргийн тамирчин 10 төрөн гарсан байна. Нийслэл дүүргээс зохион байгуулагдаж буй уралдаан тэмцээнд эхний байруудад шалгарч, 11-р ангийн сурагч Э.Энхдөлгөөн АНУ-д зохион байгуулагдсан жудо бөхийн тэмцээнд амжилттай оролцож аваргын алтан медаль цомын эзэн болсон, 11а ангийн сурагч Б.Мөнхчулуун Mongolian Open 2019 Рубик шооны олон улсын нээлттэй тэмцээний Мөнгөн медаль, 12а ангийн сурагч Б.Ариунзул 2019 онд Солонгос улсад болсон Аэробикийн  Korea open тэмцээнээс хүрэл медаль хүртсэн зэрэг нь бидний багагүй амжилт юм.

Манай сургуулийн багш нарын 90% нь ОУХМ, спортын мастер, доктор, магистр зэрэг цол эзэмшсэн өндөр ур чадвартай багш нар ажиллаж байна.

Манай сургуульд элсэн суралцсанаар 21-р зууны цахимжсан, гар утас интернетийг хэт их хэрэглэснээс үүдэн бие давжаарах, хараа сонсгол муудах, хөдөлгөөний дутагдал үүсэх зэрэг сөрөг үйлдлээс  хамгаалан бие бялдрын өв тэгш хөгжилтэй эрүүл чийрэг иргэн болон төлөвших эхний дадал хэвшдийг зөв олгох болно.

ЗАХИРАЛ              Ч.БАТ-ОЮУН

Close
Close