ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН  МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутнуудаа!, ҮБТДС-ийг сонгож, суралцахаар элссэн залуучуудаа! Үе, үеийн төгсөгчид өө! Эцэг эхчүүдээ! Найз нөхдөө!  Та бүхэнд сургуулийн Удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, хамт олны өмнөөс 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг  хүргэн мэндчилье!

МУ-ын гавьяат багш, Спортын нэрт зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор,  Хөнгөн атлетикийн спортын мастер Гонгорын Лхагвасүрэн Монгол үндэстнээрээ овоглосон Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 1991 онд үүсгэн байгуулж, биеийн тамир, спортын салбарын мэргэжилтэн бэлтгэхээр 29 дэх хичээлийн жилтэйгээ  золгож байна.

Дэлхийн спортын чиг хандлага, үндэсний спортын өв уламжлал, нийгмийн шинэ харилцааны үеийн боловсрол, биеийн тамир, спорт, эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн хөрвөх чадвар бүхий чанартай мэргэжилтэн бэлтгэх таатай орчин бүрдүүлж нийгэмд үйлчлэхэд  манай сургуулийн эрхэм зорилго оршино.

Монгол Улсад биеийн тамир, спортын шинжлэх ухааны сургалт, судалгааны шинэ түвшинд хүрэх бодлогод суурилсан, олон улсын түвшинд хүрсэн сургууль байхаар алсын хараатайгаа гурван ССС /сургалт, судалгаа, спорт/ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Биеийн тамир→эрүүл мэнд→спорт→амжилт гэсэн үзэл баримтлалаар Итгэл-Сэтгэл-Зүтгэл”-ээр хөдөлмөрлөж буй манай хамт олон “Үндэсний спортын өв уламжлал, Монгол сэтгэлгээ “-тэйгээр үнэт зүйлсээ хадгалсаар ирлээ.

2017-2018 оны хичээлийн жилд Дээд сургуулийнхаа дэргэд Спортын төрөлжсөн сургалттай ахлах (X, XI, XII анги) сургуулийг суралцагчдад эрүүл мэндийн боловсрол, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг тасралттгүй бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох зорилготойгоор нээн ажиллуулж  байна.

   2019 онд сургууль маань чанарын үнэлгээ хийлгүүлж БМИҮЗ-ийн УЗГишүүдийн 100% саналаар магадлан итгэмжлэгдлээ. Эдүгээ эрдэмтэн профессор, олон улс, тив дэлхийд нэрээ дуурсгасан спортын шилдэг багш нар болон оюутан, суралцагч, магистрантуудтай болж өргөжин бэхжлээ. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрөөр 25 удаагийн төгсөлтөөр 4600 гаруй төгсөгчид төгсгөснөөс Монгол улсын Хөдөлмөрийн баатар -1, гавьяат дасгалжуулагч-8, гавьяат тамирчин -16, Олимпийн медальт-3, Дэлхий, тивийн аваргын алт мөнгө хүрэл медальтнууд, Олимпийн эрх авч олимпод оролцсон олон арван тамирчид,  Үндэсний бөхийн дархан аварга -1, Улсын арслан-1, Улсын гарьд-2, улсын заан-6, улсын харцага-7, улсын начин-18 болон аймаг, цэрэг, сумын цолтой олон арван бөхчүүд төрөн гарсны зэрэгцээ УИХ болон Яам, агентлагийн ажилтан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, олон улсын шүүгчид олноор ажиллаж байгааг дурдахад таатай байна.

Олон жилийн түүхтэй манай сургуульд тавтай морилж, Дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг цуурайтуулсан тамирчдыг бэлтгэх алдар цуутай дасгалжуулагч, эрүүл чийрэг монгол хүнийг хөгжүүлэх биеийн тамирын багш, аргазүйч болохоор сэтгэл шулуудан бидэнтэй хамт итгэл, сэтгэлээр зүтгэхийг уриалж байна.

Эрдэм мэдлэгийг эрхэмлэгч та бүхний өмнө Монгол улсынхаа төрийн далбааг дэлхийн дэвжээнд мандуулж, Монгол үндэстнээрээ овоглосон оюуны их уурхай Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль ямагт нээлттэй байх болно.

ҮБТДС-ИЙН ЗАХИРАЛ

ШУ-НЫ ДОКТОР (Sс.D), ПРОФЕССОР, ГИМНАСТИКИЙН СПОРТЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Л.АЛТАНЦЭЦЭГ

Close
Close