Захирлын мэндчилгээ

2016/01/02
 
 1990-ээд оны эхээр чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, дээд боловсролд хувийн секторын оролцоог хуульчилснаар дээд боловсрол эзэмших явц өргөжин тэлсэн билээ. Энэхүү түүхэн үед Монгол үндэстнээрээ овоглосон Үндэсний биеийн тамирын дээд сургууль нь үндэсний спортын өв уламжлалыг орчин үеийн спортын төрлүүдтэй хослуулан хөгжүүлэх зорилготой мэргэжилтнүүдийг бэлтгэхээр 1991 онд  байгуулагдсан.

            Эдүгээ эрдэмтэн профессор, олон улс, тив дэлхийд нэрээ дуурсгасан спортын шилдэг багш нар болон оюутан, суралцагч, магистрантуудтай   болж өргөжин бэхжлээ. Манай сургууль биеийн тамир, спортын салбарт болон төрийн ба хувийн хэвшлийн сургуулиудын дотор хэдийнээ өөрийн амжилт бүтээлээрээ танигдан сургалт-дасгалжуулат, эрдэм-шинжилгээ, спортын амжилтаа бататган тасралтгүй 25 жилийг үдэж байгаа нэр хүндтэй сургуулийн нэг болжээ.

            Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн бакалавр магистрын хөтөлбөрөөр 22 удаагийн 3500 гаруй төгсөгчдөөс Хөдөлмөрийн баатар -1, гавьяат дасгалжуулагч-2, гавьяат тамирчин -15, Олимпийн медальт-3, Дэлхийн аварга-10, 2016 оны Олимпийн эрх авсан 6 тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга -1, Улсын арслан-1, Улсын гарьд-2, улсын заан-5, улсын харцага-7, улсын начин-17, аймаг, сумын цолтой олон арван бөхчүүд , УИХ болон Яам, агентлагийн ажилтан зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсныг дурдахад таатай байна.

            Манай сургуульд маань шинжлэх ухааны доктор 2, доктор 6, олон улсын хэмжээний мастер, спортын мастер зэрэг Монгол улсдаа нэр хүндтэй багш дасгалжуулагчид ажиллаж байна.

            Бид Оросын холбооны улс, Япон, Хятад, Солонгос, Казакстан, Армен,  Украин улсын биеийн тамир, спортын их дээд сургууль болон ЭМСЯ, БШУЯ, БТСХөгжлийн төв, МҮОХ, Спортын холбоод, Нийслэл, дүүрэг, аймгуудын биеийн тамир, спортын газар, эрдэм шинжилгээ, спортын клубүүд, дэвжээ, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэхүү  хамтын ажиллагаар төсөл хөтөлбөрт оролцох эрдэмтэн судлаачид, залуу багш нар, оюутнуудын оролцоо жил бүр өсөн нэмэгдэж, багш оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

            Өнөөдөр манай төгсөгчид эзэмшсэн мэргэжлээрээ нийслэл, орон нутгийн онцгой байдал, цэргийн, хүчний байгууллагад биеийн тамирын дарга, аргазүйч,  ЕБС, их дээд сургууль, спортын холбоодод багш-дасгалжуулагч, эмчилгээний биеийн тамирын мэргэжилтэн компани, дэвжээ бусад байгууллагад 13 төрлийн ажлын байранд амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байгаагаас гадна өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд үргэлжлүүлэн хамрагдаж байгаа нь сургуулийн маань бахархал билээ.

            25 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй гол амжилтыг дүгнэхэд: эрдэмтэн профессор, спортын дасгалжуулагчид, эмч багш нарын тогтвор суурьшилтай ажилласан нөр их хөдөлмөр, оюутнуудын маань сэтгэл зүтгэл, тэдний сурах орчны найдвартай баталгаа болсон хичээлийн танхим, лабораториуд, мэргэжлийн спортын  заалууд, цахим орчин, номын сан, эмчилгээ аргазүйн кабинет, спортын эмнэлэгийн үйлчилгээ тусламжийн танхим зэрэг билээ.

            Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн үүсэл, хөгжилтөнд эрдэм ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрдэмтэн профессор, багш дасгалжуулагчид, сургуулийн бахархал болсон үе үеийн олон зуун төгсөгчид, одоо суралцаж байгаа тамирчин оюутнууд та бүхэнд болон бидний ажилд чин сэтгэлийн дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг хамтран ажилладаг байгууллага, хүмүүст сургууль байгуулагдсаныхаа 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Олон жилийн түүхтэй манай сургуульд тавтай морилж, Дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг цуурайтуулсан тамирчдыг бэлтгэх алдар цуутай дасгалжуулагч, эрүүл чийрэг монгол хүнийг хөгжүүлэх биеийн тамирын багш болохоор сэтгэл шулуудан бидэнтэй хамт итгэл, сэтгэлээр зүтгэхийг уриалан мэндчилж байна.

Эрдэм мэдлэгийг эрхэмлэгч та бүхний өмнө Монгол улсынхаа төрийн далбааг дэлхийн дэвжээнд мандуулж, Монгол үндэстнээрээ овоглосон оюуны их уурхай Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн хаалга ямагт нээлттэй байх болно.

            Номын цагаан буянг үргэлжид дээдэлж, сайн үйлс дэлгэрэх болтугай.

 ҮБТДС-ИЙН ЗАХИРАЛ ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР Л.АЛТАНЦЭЦЭГ

 
Close
Close