Магадлан итгэмжлэл

2016/01/02

Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний Зөвлөлийн 2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авав.


 

Үндэсний Биеийн Тамир Дээд Сургуулийг Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Үндсэн гишүүн-ээр батамжилж гишүүнчлэлийн батламж авав.

 МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.

Магадлан итгэмжлэл нь байгууллагын буюу сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан, хөтөлбөрийн буюу сургалтын тодорхой нэгжийн үйл ажиллагааг хамарсан гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна.

БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа дараах үе шаттайгаар явагдаж байна. Үүнд:

  1. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан байгууллага БМИҮЗ-өөс тогтоосон стандарт үзүүлэлтүүдийн дагуу эрхэм зорилго, зорилт, санхүү эдийн засаг, барилга байгууламж материаллаг нөхцөл, сургалтын агуулга, эрдэм шинжилгээний ажил, багш, суралцагч, номын сан, удирдлага зохион байгуулалт зэрэг 9 чиглэлээр үйл ажиллагаандаа иж бүрэн үнэлэлт, дүгнэлт өгч өөрийн үнэлгээний тайлан бэлтгэнэ.
  2. БМИҮЗ-ийн ажлын албанаас тухайн байгууллагын магадлан итгэмжлэлийн бэлтгэлийг хангуулахад чиглэсэн зөвлөгөө, тусламж үзүүлж хамтран ажиллана.
  3. БМИҮЗ-өөс томилогдсон шинжээчид тухайн байгууллагын үйл ажиллагаанд магадлан итгэмжлэлийн шалгуур болон өөрийн үнэлгээний чиглэл бүрээр үнэлгээ өгч, тайлан бэлтгэнэ.
  4. Тухайн сургалтын байгууллага шинжээчдийн өгсөн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар алба ёсоор саналаа өгнө.
  5. БМИҮЗ-ийн хуралдаанаар шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцээд тухайн сургуулийг магадлан итгэмжлэх эсэх талаар нууц санал хураалт явуулж эцсийн шийдвэр гаргана.

Шалгуур, шаардлагыг ханган биелүүлсэн байдлыг харгалзан БМИҮЗ-өөс тухайн сургуулийг магадлан итгэмжлэнэ, зарим шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангуулах зорилгоор 6-12 сарын хугацаагаар хойшлуулна, эсвэл магадлан итгэмжлэхгүй гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг гаргадаг. Эхний магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацаа 5 жил, хоёрдахь магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацаа 10 жил байна. Хоёр дахь магадлан итгэмжлэлийн шаардлага шалгуурууд нь эхний магадлан итгэмжлэлийн үеэр шинжээчид, БМИҮЗ-ийн хуралдаанаас өгсөн зөвлөмжүүд, сургууль хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалтай уялдаж тавигддаг.

Магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллага төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид нь төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болдог. Мөн байгууллагын үйл ажиллагаанд хамт олны гишүүн бүрийг татан оролцуулж өөрөө өөртөө иж бүрэн үнэлгээ дүгнэлт өгч цаашид өөрийгөө хөгжүүлэх чиглэл, хэтийн төлөвөө тодорхойлоход дэмжлэг үзүүлээд зогсохгүй, сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулан нийцүүлэх, кредит цагийг харилцан хүлээн зөвшөөрөхөд түлхэц болдгоороо онцгой ач холбогдолтой юм.

БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Одоогоор магадлан итгэмжлэгдээд байгаа 67 их, дээд сургууль коллеж, MСҮТөв орчин үеийн чанарын шаардлагын наад захын түвшинг хангаж буй дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагууд юм. Харин эдгээр сургуулийг төгсөн гарч буй мэргэжилтнүүд нь шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үе, даяарчлагдсан орчинд ажиллах ур чадвар эзэмшсэн эсэх өөрөөр хэлбэл дээд боловсролтой мэргэжилтний чанарыг үнэлэн тогтоох боломжгүй. Энэ асуудал магадлан итгэмжлэгдээгүй дээд боловсролын байгууллагын хувьд бүр ч тодорхойгүй байгаа билээ. Мөн түүнчлэн олон улсын жишигт ойртож буй зарим хөтөлбөрийг гадаадын шинжээчдээр үнэлүүлэх, сургууль төгсөгчдийн баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрүүлэх, магадлан итгэмжлүүлэх шаардлага урган гарч байна.

Иймээс магадлан итгэмжлэлийн цаашдын нэг алхам бол боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа юм.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл явуулах тухай заасан билээ.

Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, арга зүйн баримт бичгүүдийг боловсруулан гаргах, энэ чиглэлээр гадаад орнуудын туршлагыг судлан өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх талаар бодитой ажлуудыг хийжээ.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг БМИҮЗ, Хөтөлбөрийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл, шинжээчид, хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгж гэсэн 4 субьектийг түшиглэн явуулахаар төлөвлөж энэхүү үйл ажиллагаанд тухайн мэргэжлийн холбоод, ажил олгогчдын төлөөлөгчдийг аль болохоор өргөн татан оролцуулах бодлого баримталж байгаа нь гадаад орнуудын чиг хандлагад нийцэж байна Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зорилго нь тухайн сургалтын байгууллагын хэрэгжїїлж байгаа сургалтын хөтөлбөрийг тасралтгүй боловсронгуй болгох, сургалтад шинэлэг дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхийг дэмжих, бэлтгэж буй мэргэжилтний чадварыг сайжруулахад нөлөө үзүүлэх, сайн хөтөлбөрүүдийг нийтэд хүргэж мэдээлэхэд оршино.

Үүний зэрэгцээгээр хөтөлбөрийг магадлан итгэмжилснээр улс хоорондын дээд болон мэргэжлийн боловсролыг харилцан хүлээн зөвшөөрөх, кредит цагийг хөрвүүлэх асуудлын үндэс суурь тавигдаж, манай орны оюутан залуучууд тухайн сурч байгаа анги, курс, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэргээ гадаадын их, дээд сургуулиудад шууд үргэлжлүүлэх ба ахиулан суралцах боломжийг хангах юм. 2013 оны байдлаар 149 сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд байна.

 МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Тухайн байгууллага /хөтөлбөр/ магадлан итгэмжлэлийн шалгууруудыг хангаж буйг баталгаажуулж өгнө. Иргэд өөрийн боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллагаа /хөтөлбөр/ сонгоход туслана.Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ өөрөө өөрийгөө таних, өөрийгөө бусадтай жиших, бусад байгууллагатай харилцан итгэлцэх, бие биенийхээ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөд туслана. Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болно. Боловсролын байгууллага /хөтөлбөр/ цаашид өөрийгөө сайжруулах, хөгжүүлэх, ингэснээр улсын хэмжээнд нийт дээд боловсролын байгууллагад тавих минимум шаардлагын төвшинг улам дээшлүүлэх бололцоог олгоно. Багш, хамт олныг байгууллагаа үнэлэх, байгууллагын төлөвлөлтөнд өргөнөөр татан оролцуулна. Өөрсдөө сургуулийнхаа юу нь болохгүй доголдож байгааг тогтоож, хүн бүр суралцаж, дадлагатай болно.

Close
Close